Намар адууны тарга чамбайран өөхөлж гүйцэн улмаар махлах тул энэ үеийн маллагаа өвөл, хаврыг өнөтэй давах суурь болдог. Тиймээс ус хужиртай ойр, нам дор, тал хөндийн сөл сайтай газар нутаглавал сайн. Өвс ургамлын тухайд хазаар, агь, таана, хөмөл элбэгтэй, өтгөн өвс ургамалтай газрыг сонгох нь илүү. Зарим тохиолдолд говьд оруулж өөхөн тарга авахуулах бөгөөд ая таваар нь хариулан хүргэдэг. Ер нь намрын цагт адууг ширүүн хөөж туух хөлөргөхийг цээрлэдэг. Тарга тогтож байгаа энэ үеэр хэнз ногоо, сөл сайтай бэлчээрт салхи сөргүүлэн бэлчээрлүүлэхийг сайн хэмээдэг. Мөн жилийн эрчим хүчээ нөөцөлж буй намрын цагт адууг хүйтэн бороонд цохиулах, цувуулж алс явуулах, бэлчээр ус нь тохирсон нутагт тогтвортой идээшлүүлэхийг хичээдэг. Намар адууг өглөө бүр нар мандаж хяруу үгүй болсон хойно, орой нар шингэх хүртэл 2-3 удаа услах хэрэгтэй. Түүнчлэн энэ үеэр хээл авсан гүүг ширүүн хөөж туух, худаг усанд оруулахдаа шахцалдуулах, ялангуяа хөөж хөлөргөөд услах, азаргыг солих, азаргаа унахыг цээрлэдэг.
- Даваа - Баасан: 09.00 - 18.00
- Утас: 7722-0404